Улс төрийн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-нд холбогдох баримт бичгүүдээ өгөх сүүлчийн хугацаа өнөөдөр буюу тавдугаар сарын 19-ний 24.00 цагаар дуусч байна.
Иймээс сонгуульд оролцох улс төрийн хүчнүүд өглөөнөөс эхлэн СЕХ-нд мөрийн хөтөлбөр, сонгуулийн штабын бүрэлдэхүүн, хандивын тайлан, өнгөрсөн сонгуульд оролцсон санхүүгийн бичиг баримтуудаа бүртгүүлж эхлэв. Өглөөний 10.00 цагаас энэ үйл ажиллагаа эхэлж үдийн 12.00 цагийн байдлаар МАХН, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, МУНН, ИЗН, Ардчилсан нам, Ард түмний нам гэсэн найман бие даан сонгуульд дангаараа оролцохоо илэрхийлсэн бол Иргэний эвсэл гэсэн нэг эвсэл бүртгүүллээ.
МАХН-аас тус намын нарийн бичгийн дарга Л.Амарсанаа, ИЗН-аас намын дарга С.Оюун, Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ганбат нар холбогдох баримт материалуудаа Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Б.Баярсайханд гардууллаа.
Харин Ардчилсан намынхан хамгийн олуулаа очив. Намын дарга Ц.Элбэгдорж, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дорлигжав, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга, эрхэм гишүүн Л.Гансүх, дэд дарга С.Ламбаа, гишүүн Г.Батхүү, З.Энхболд, Б.Батбаатар, Сонгуулийн штабын нарийн бичгийн дарга Д.Ганбат, Гадаад харилцааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, Бодлогын зөвлөлийн дарга Н.Алтанхуяг, кёкүшюзан Д.Батбаяр, нэр дэвшихийг горилж буй зарим гишүүн гээд 20 шахам хүн очсонд СЕХ-ны материал хүлээн авч байсан өрөө жижигдэж, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Б.Баярсайхан "Та нарыг ийм олуулаа ирнэ гэж санасангүй" хэмээж байв. Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж "Манайхан угаасаа олуулаа шүү дээ" гэсэн хариуг түүнд өгсөн юм. Дэлхий ивээж бороо орсон сайхан өдөр сонгуульд оролцохоо илэрхийлсэндээ ч бэлгэшээж байгаагаа хэлсэн.